Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2017-04-02

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр Агаар” төсөл нь нийгмийн эрүүл мэндийн сургууль, судлаачдын зөвлөлтэй хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, хүн амын өртөмтгий бүлэг болох бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах нь богино хугацаанд яаралтай анхаарах шаардлагатай нэн тэргүүний зорилт болохыг тогтоосон.
Уг ажлын хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуультай хамтран СБД-ийн 150, 51, ЧД-ийн 43, 31-р цэцэрлэгт агаар цэвэршүүлэх шүүлтүүртэй болон шүүлтүүргүй нөхцөлд хүүхдүүдийн эрүүл мэндийн ерөнхий байдал, нойрсолтонд гарах өөрчлөлтийг харьцуулан тогтоох судалгааг явуулав. Судалгааны үр дүнд агаар ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэцэршүүлэгч төхөөрөмжийг цэцэрлэгийн анги танхимд суурилуулах нь дотоод орчны агаарын бохирдлыг 3.2 дахин бууруулж, улмаар хүүхдийн нойрсох хугацааг уртасгаж байгааг тогтоосон. Өдрийн цагаар хангалттай унтах нь хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлааг сэргээх, сурах үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг эрүүл мэнд, сэтгэл зүйн эерэг нөлөөллийг үзүүлдэг болохыг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцлон тэмдэглэв. Бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Улаанбаатар-Цэвэр Агаар” төсөл нь нийслэлийн төвлөрөл ихтэй гэр хороололд байрлах 50 цэцэрлэгийг сонгож, 200 ш агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж байна. Уг шүүлтүүр нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99% хүртэл устгаж, утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэршүүлдэг. Эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай. Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг дагалдуулан агаарын бохирдлыг хэмждэг лазер төхөөрөмж цэцэрлэг тус бүрт нэгийг хүлээлгэн өгөх бөгөөд энэхүү хэмжүүрийн тусламжтайгаар агаар дахь бохирдлыг хэрхэн бууруулж байгааг харах боломжтой болно.

Агаарын бохирдол ихтэй гэр хороололд байрлаж буй цэцэрлэгүүдийн жагсаалт, нарийвчилсан судалгааг Нийслэлийн Боловсролын Газартай хамтран гаргасан ба эхний ээлжинд сонгогдсон 50 цэцэрлэгийг хамруулах юм. Ингэснээрээ сонгогдсон 50 цэцэрлэгийн 2-5 насны 7400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.



Сэтгэгдэл нэмэх