ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг сургалтад хамрууллаа

2017-10-06

Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Дотоод орчны бохирдол, түүнээс сэргийлэх нь” сэдэвт сургалт, семинарыг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг сургалтанд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1 болон 2 дугаар бүсэд байрлах Ерөнхий боловсролын 30 орчим сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдав. Сургалтаар дотоод орчны бохирдол гэж юу болох, ямар ямар эх үүсвэрээс бий болдог болон энгийн аргаар сэргийлэх ямар арга замууд байдаг тухай нэгдсэн мэдээллийг оролцогчдод хүргэлээ.
Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх, бууруулах тухай зааварчилгаа, зөвлөмжийг мэргэжлийн судлаач, багш, эрдэмтэд нь өөрсдөө оролцогчдод тайлбарлан таниулсны зэрэгцээгээр төрийн зүгээс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй арга хэмжээний талаар оролцогчдод товч мэдээлэл өглөө.
Оролцогчид сургалтын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцсон бөгөөд төдийлэн яригдаад байдаггүй боловч мэдэх зайлшгүй шаардлагатай дотоод орчны агаарын бохирдол, түүнээс сэргийлэх арга замуудыг тайлбарлан таниулсанд баярлаж талархснаа илэрхийлж байв. Мөн асуулт ихээр тавихын зэрэгцээгээр ажил хэрэг болгох саналуудыг асуулт тавьсан хүн тус бүр гаргасан.
Сургалтанд оролцогч нийгмийн ажилтан нар нь семинараас олж авсан мэдлэг мэдээллийг сургуулийнхаа багш нараар дамжуулан суралцагчдадаа хүргэх ба улмаар тэднээс гарах санал, санаачилгыг нэгтгэн зохион байгуулагч нарт илгээж сургалтын эргэх холбоог хангана. Зохион байгуулагчдын нэг БОАЖЯ-ны хувьд нэгтгэсэн санал санаачилгыг Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн санд уламжлан олон улсын байгууллагаас холбогдох чиглэлээр санхүүжилт олж төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.



Сэтгэгдэл нэмэх