“Агаарын бохирдлыг бууруулахад Таны оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулав

2017-10-16

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахад Таны оролцоо” сэдэвт сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгууллаа. Уг сургалтанд Нарантуул зах дээр зуух, халаалтын хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон худалдааны төвийн захиргааны ажилтан нийт 21 хүн хамрагдав.
Сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Ахуйн хэрэглээний зуух - техникийн ерөнхий шаардлага MNS5216:2016” стандартын шаардлага хангаагүй, ахуйн зориулалттай зуухыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний төв, захуудад худалдан борлуулахыг хориглох тухай Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/17 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн мэдээлэл болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор зохион байгуулсан юм.
Түлшний бүрэн шаталт болон стандартын шаардлага хангасан зуухны туршилтын талаарх толиулга-мэдээллийг Зуух туршилтын лабораторийн эрхлэгч Б.Одонхишиг хийв. НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын захирамжийн агуулга, түүнтэй холбоотой үүсэх зөрчлийг хэрхэн шийдвэрлэх тухай мэдээллийг оролцогч нарт өглөө.
Сургалтын төгсгөлд Төслийн зохицуулагч Н.Баяртогтох оролцогч нарт хандан стандарт зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй, үндэсний хэмжээнд мөрдөгдөх учир дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд эерэгээр хандан бүрэн шаталтат, сайжруулсан зуухыг дотоодынхоо зах зээлд нэвтрүүлэх замаар бид бүгдийг ялгал үгүйгээр хордуулж буй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь чухал болохыг онцлон тэмдэглэж уриалав.



Сэтгэгдэл нэмэх