Гэр хорооллын цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгчтэй боллоо

2017-11-08

хепа филтер улаанбаатар цэвэр агаар төсөлДэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн нэгж нь өндөр нягтаршилтай, шүүх чадвар сайтай шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг цэцэрлэгийн анги танхимд суурилуулах нь дотоод орчны агаарын бохирдлыг 3.2 дахин бууруулж, улмаар хүүхдийн нойрсох хугацааг уртасгаж байгааг судалгаагаар тогтоосон билээ. Судалгааны үр дүнд үндэслэн “Улаанбаатар-Цэвэр Агаар” төсөл нь Нийслэлийн гэр хороололд байрлах 50 цэцэрлэгийг өнгөрсөн жил 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангасан.
Энэ жил агаарын чанарыг сайжруулах нэг болон хоёрдугаар бүсэд байрлаж байгаа цэцэрлэгүүдэд нийтдээ 750 ширхэг ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ханган нийлүүллээ. Энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99% хүртэл устгаж, утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэршүүлэхийн зэрэгцээгээр агаарыг чийгшүүлнэ. Эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажилладаг.
Өдрийн цагаар хангалттай унтах нь хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлааг сэргээх, сурах үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг эрүүл мэнд, сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлдэг болохыг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцлон тэмдэглэдэг.

“Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд ийнхүү 683 ширхэг агаар цэвэршүүлэгчийг 79 цэцэрлэгт ханган нийлүүлснээр агаарын бохирдол ихтэй бүсэд байрлаж буй цэцэрлэгүүдийн анги бүлэг бүр дотоод орчны агаарын чанараа сайжруулах боломжтой болж улмаар агаарын бохирдолтод өртөмхий, эмзэг бүлэг гэгддэг 2-5 насны 12 мянга орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн чухал алхам болж байна.

 



Сэтгэгдэл нэмэх